Тус хичээлээр орчин үеийн эртний судлалын шинжлэх ухааны түүх, онол аргазүйн үндэс, судалгааны шинэ чиг хандлагуудтай танилцах бөгөөд олон улсад нэрд гарсан археологийн судалгааны нээлт бүтээлүүдтэй танилцаж, судалгааны аргазүйн жишээг тухайн бүс нутагт ба манай улсын нутаг дэвсгэрт явуулсан судалгаанд үндэслэн тайлбарлана. Үүний зэрэгцээ сонгодог археологи буюу Грек-Ромын археологи, египетолог, өвөг ба эртний түүх, Өрнөд Азийн эртний судлал зэрэг археологийн уламжлалт төрөл салбарын тухай танилцуулахын хажуугаар бас археологи дахь байгалийн шинжлэх ухааны судалгааны арга барилын үүрэг [мод ба органик материалаас дендрохронолог ба С14-өөр он цагийг тогтоох], араг ясны олдворыг судлах анагаах ухаан ба антропологийн шинжилгээ, том талбайг геофизикийн аргаар судлах, агаарын зургийн археологи зэрэг орчин үеийн археологийн ажлын салшгүй хэсэг болж хувирсан аргуудын тухай судлах болно. Археологийн эх сурвалжийн төрөл, он цаг, тархалтын хүрээ, соёлт давхаргын болон он цаг тогтоох аргуудын тухай ойлголт, угсаа гарвалын хамаарлын талаарх мэдлэг эзэмшинэ. Түүнчлэн Монголын археологийн ухааны хөгжлийн түүх, судалгааны гол ололтууд ба археологийн шинжлэх ухааны зүтгэлтнүүдийн оруулсан хувь нэмрийн тухай, Монгол Улсад археологийн хайгуул, малтлага судалгаа явуулах хууль эрхзүйн орчинтой танилцана.