Энэ хичээлээр Гэмт хэргийн бүрэлдэхүүний онолын үзэл баримтлал хэрхэн үүсч, бүрэлдсэн болон энэ онолын гол төлөөлөгчдийн үзэл санааг түүхчлэн авч үзэхээс гадна үзэл хандлагын урсгалуудыг тоймлон судалж, тодорхойлно. Гэмт хэргийн бүрэлдэхүүний материалист онолын танин мэдэхүйн уг сурвалж, эх үндсийг судалсны дараа тухайн бүрэлдэхүүний үндсэн элемент, хэсгүүдийг уялдаа хамааралд нь нэг бүрчлэн авч үзнэ. Тухайлбал гэмт хэргийн объект, объектив тал, субъект, субъектив тал зэрэг бүрэлдэхүүн хэсгийн шинж, шалгуур онцлогийг нарийвчлан хамааралт шинжээр гүнзгийрүүлж судална. Гэмт хэргийн бүрэлдэхүүний функциональ /сонгодог/ онолын мөн чанар, агуулгыг судалгаа, сургалтын голлох бүтээл, эх сурвалжид тулгуурлан тайлбарлана. Уг онолын бүтцийн болон хэрэглээний аргачлалыг эрх зүйн логик, загварчлалын талаас задалж АНУ, Герман, Франц, Япон зэрэг орны эрүүгийн эрх зүйн онолын зарчимд тулгуурлан тайлбарлах замаар хичээлийн агуулгыг тодорхойлно.