Хүний хөгжил гэдэг нь хүмүүсийн хөгжил, хүний төлөөх хөгжил бөгөөд хүмүүсийн өөрсдийнх нь бүтээн бий болгож буй хөгжил дэвшил гэж дүгнэж болно. Энэ хичээлээр хүний хөгжлийн үзэл баримтлал нь хүртээмжтэй байх, бүтээлч байх, эрх мэдэл, оролцоотой байх, тогтвортой байх гэсэн дөрвөн үндсэн зарчмыг агуулсан байдгаараа хүний хөгжлийн ойлголт уламжлалт эдийн засгийн өсөлтийн загвараас юугаараа ялгаатайг тайлбарлах болно. Мөн хичээлийн хүрээнд хүний эрх, хүний аюулгүй байдал, жендэрийн эрх тэгш байдал, байгаль орчны тогтвортой байдал болон Мянганы хөгжлийн зорилтуудтай (МХЗ-ууд) нягт уялдаа холбоог нарийвчлан авч үзнэ. Хүний хөгжил нь сонголтыг өргөжүүлэх асуудал мөн бол ядуурал гэдэг нь хүний хөгжилд эн тэргүүнд шаардлагатай бололцоо, сонголтууд, тухайлбал, эрүүл энх байж, урт удаан наслах, бүтээлчээр аж төрөх, амьжиргааны боломжийн түвшинтэй байх, нэр төртэй, эрх чөлөөтэй амьдарч, өөрийгөө болон бусдыг хүндэтгэх бүхий л бололцоо, сонголтыг хясан боогдуулж байдаг үзэгдэл юм. Өсөлт болгон эерэг үр дүн авчирдаггүй. Хичнээн ч их чадавхийг бий болгож, боломжуудыг үүсгэсэн ч энэ бүхнээс гадуур орхигддог хүмүүс байсаар л байдаг. Үүнд өндөр настнууд, өвчтэй хүмүүс, тахир дутуу хүмүүс болон эмзэг бусад бүлгүүд хамаарна. Хэрвээ хүний хөгжлийг тэгшитгэлд оруулбал, тэгшитгэлийн зүүн гар талд хүний чадавхи, баруун гар талд эдгээр чадавхийг ашиглах эдийн засаг, нийгэм, улс төрийн боломжууд оршино. Энэ хоёр хүчин зүйл тэнцвэртэй байх нь хүний хөгжилд чухал ач холбогдолтой. Биет дэд бүтэц ба боломжийг бий болгохын хоорондын харилцан хамаарал нь нарийн төвөгтэй. Дэд бүтцийн үйлчилгээ нь эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулснаар хүмүүст боломж бий болгодог. Гэвч энэ хоёрын хоорондох хамаарал нь автомат биш бөгөөд, нэг нь сайн бол заавал нөгөөд нь сайнаар нөлөөлнө гэсэн үг ч биш, харин илүү нарийн, төвөгтэй асуудлууд хамаарагддаг. Эдгээрийн хамаарлыг хичээлээр судлах болно. Үйлчилгээг үр дүнтэйгээр хүргэхийн тулд төр засгийг нийгэмтэй нь янз бүрийн түвшинд түргэн шуурхай холбодог холбоос, иргэдийг оролцуулах арга замууд байх шаардлагатай. Орон нутгийн засаг захиргаа ба төв засгийн газар, орон нутгийн засаг захиргаа болон нийгмийн бүлгүүд, бүсийн болон орон нутгийн засаг захиргаа хоорондоо харилцан хамааралтай ажиллах ёстой. Иймд олон талт оролцооны асуудлыг хичээлээр хөндөх болно. Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл, “Хүний хөгжил” хичээлээр хүний хөгжлийн үзэл баримтлал, хөгжлийн талаарх бусад үзэл баримтлалаас ялгаатай байдал, хүртээмжтэй, бүтээлч, тэгш, тогтвортой байдлын талаар, хүний хөгжлийн санхүүжилт, макро болон микро түвшний бодлогууд, гурван талт хамтын ажиллагааны асуудлуудын талаар судлах болно.