Энэхүү хичээлээр бид олон улсын санхүүгийн зах зээлийн суурь ойлголтуудад гол анхаарлаа хандуулах юм. Тухайлбал, гадаад валютын ханш хэрхэн тодорхойлогддог, ханш, үнэ болоод үйлдвэрлэл богино болон урт хугацаанд хэрхэн холбогддог, ханшны тогтолцоонууд, макро эдийн засгийн бодлогууд гадаад валютын зах дээр хэрхэн зохицогддог, үүнд хөрөнгийн захын гүйцэтгэдэг үүргийн талаар авч үзнэ. Эдгээр асуудлуудыг судлахын тулд бид онолын гол гол ойлголтууд, зарчмууд, онолуудын үндэслэлийг тодорхойлох болно. Үндэсний тооцооны систем, төлбөрийн тэнцэл, валютын ханшны тогтолцооны хэлбэрүүд болон хөрөнгийн захуудад хэрэглэгддэг ухагдахуунууд, онолын үндэслэлүүдийг үзэхээс гадна валютын ханш, хүү болон үнэ хэрхэн тодорхойлогддог талаар үзнэ. Тус хичээл үндсэн 2 хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгт дээр дурдсан үндсэн ойлголтуудаас гадна валютын ханш хэрхэн тодорхойлогддог талаар үндсэн хоёр загвартай танилцана. Эхнийх нь “хөрөнгийн шинжилгээ” гэж нэрлэгддэг загвар. Энэхүү загварын дагуу валютын ханш валютын өгөөжүүдээс хамаарч хэрхэн тогтдог талаар үзнэ. Хоёр дах загвар нь “мөнгөний шинжилгээ”. Энэхүү загварын дагуу валютын ханш нь худалдан авах чадварын дагуу тодорхойлогддог гэж үздэг. Хичээлийн хоёр дах хэсэгт макро эдийн засгийн тэнцвэрийн хүрээнд валютын ханш хэрхэн тогтдог, эдийн засгийн шокууд макро тэнцвэрт, үүний дотор валютын ханшид хэрхэн нөлөөлдөг талаар авч үзнэ.