Энэхүү хичээл үндсэндээ гурван хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгт бид мөнгөний онол болон бодлогын суурь ойлголтуудтай танилцана. Тухайлбал, мөнгөний нийлүүлэлтийн механизм, мөнгөний зах болон түүнд оролцогчдын үүрэг, мөнгөний агрегатууд ба тэдгээрийн хоорондын уялдаа холбоо, төв банк, банкууд болон иргэдийн мөнгөний зах дах оролцоо, үүрэг зэрэг ойлголтуудтай танилцана. Улмаар, төв банкнаас авч хэрэгжүүлдэг мөнгөний бодлогын суурь арга хэрэгслүүдтэй танилцана. Үүнд, мөнгөний захын үйл ажиллагаатай танилцах ба мөнгөний бодлогын уламжлалт арга хэрэгсэл болох төв банкны оролцоог онцлон авч үзнэ. Мөнгөний бодлогын стратеги болон олон улсын санхүүгийн системд гарсан өөрчлөлтүүд мөнгөний зах дах төв банкны оролцоо, бодлогод хэрхэн нөлөөлөх талаар авч үзнэ. Уламжлалт мөнгөний бодлогын арга хэрэгслүүдтэй хичээлийн энэ хэсгийн төгсгөлд танилцахын зэрэгцээ Монголбанкны үйл ажиллагаа, авч хэрэгжүүлдэг бодлогын арга хэрэгслүүдтэй мөн танилцана. Хичээлийн хоёрдугаар хэсэгт бид мөнгөний бодлогын макро эдийн засагт үзүүлэх нөлөөллийг судална. Ингэхийн тулд бид эхлээд макро тэнцвэрийн загвартай танилцаж улмаар энэхүү загвараа ашиглан мөнгөний бодлогын нөлөөллийг судална. Хичээлийн энэ хэсгийн эхэнд бид мөнгөний тооны онол, мөнгөний эрэлтийн онолуудтай танилцана. Улмаар, бодит бараа бүтээгдэхүүний зах зээл болон мөнгөний захын хоорондын уялдааг авч үзнэ. Тухайлбал, IS муруй байгуулан мөнгөний захын тэнцвэрийн загвартай хослуулан эдийн засгийн нийт эрэлтийг байгуулна. Энэ нь мөнгөний бодлогоор дамжуулан нийт эрэлтэд зохицуулалт хийх боломжийг харуулах ба бид энэхүү загвараа ашиглан мөнгөний бодлогын нийт эрэлтэд үзүүлэх нөлөөлөлтэй танилцана. Улмаар, нийт эрэлтийн загвараа нийт нийлүүлэлттэй авч үзэн эдийн засгийн макро тэнцвэрийн загварыг байгуулах ба энэхүү тэнцвэрийн загвараа ашиглан мөнгөний бодлогын нийт эдийн засагт үзүүлэх нөлөөллийг судална. Хичээлийн гурав дах хэсэгт бид мөнгөний бодлогод хүлээлтийн гүйцэтгэх үүргийн талаар авч үзэх ба мөнгөний бодлогын нөлөөллийн бусад сувгуудтай танилцана. Тухайлбал, хичээлийн хоёр дах хэсэгт үзсэн мөнгөний бодлогын хүүгээр дамжин нөлөөлөх сувгаас гадна зээлийн болон балансын нөлөөллийн сувгуудыг үзнэ.