Эдийн засгийн судалгаа, түүний үе шат: Судалгаа нь амьдрал, үйлдвэрлэлээр болон шинжлэх ухаан, нийгмийн хөгжлийн чиг хандлагатай уялдан дэвшсэн асуудлыг шийдэх, тухайн салбарын мэдлэгийн хүрээг өргөтгөн шинэчилж, шинэ мэдлэг бүтээх зорилготой, аливаа асуудлын талаарх дотоод мөн чанар ба агуулга руу хандсан, дүгнэлт нотолгоо гаргахдаа тодорхой арга барил хэрэглэсэн, хэчнээн ч гүнзгийрч болох танин мэдэхүйн бүтээлч шинжтэй үйл ажиллагаа юм. Судалгааны ажил нь хэд хэдэн үе шаттай үйл ажиллагаанаас тогтдог. Үүнд: асуудлаа тодорхойлох/дэвшүүлэх, сэдэв сонгох, судалгааны загвар зохиох, мэдээллээ цуглуулах, үр дүнгийн шинжилгээ хийх, үр дүнг тайлбарлах, дүгнэх, үр дүнг тайлагнах, илтгэх. Судалгааг явуулах тоон болон чанарын гэсэн 2 төрлийн арга зүй, аргачлал байдаг. Өөр өөрийн онцлог, шинж чанар, мэдээлэл цуглуулах, шинжлэх, нэгтгэн дүгнэх аргуудтай. Ном зүй судлалын тойм үнэлгээ: Судлахаар сонгосон асуудал, түүний хүрээнд хийгдсэн онол, арга зүй, мэдлэгийн тэмдэглэл, эрэгцүүлэл, шүүмжлэлийг ном зүй судлалын тойм үнэлгээ гэж нэрлэх ба судалгааны асуулт, зорилгын гол үндэслэлийг тогтооход хэрэглэгддэг. Мөн тухайн санал болгож байгаа судалгаа, судалгааны асуудлын ач холбогдлыг бусдад таниулахад чухал үүрэг гүйцэтгэдэг төдийгүй судлагдаж буй асуудлын хүрээнд тухайн судлаач хэрхэн ном, сурах бичиг, судалгааны материал ашиглаж чадаж байгааг илтгэн харуулдаг. Судалгааны ажлын төсөл боловсруулалт: Ямар нэгэн асуудлын хүрээнд тулгамдаж буй тодорхой асуултууд болон таамаглалуудад хариулт өгөх зорилгоор хийгдэх судалгааны ажлын ерөнхий төлөвлөгөөг судалгааны ажлын төсөл гэнэ. Төсөл нь та юу хийх гэж байна вэ? (үйл ажиллагаа), та үүнийг яаж хийх вэ? (арга зүй), судалгааг хийхэд танд юу шаардлагатай байна вэ? (хүн хүч, тоног төхөөрөмж гэх мэт) гэсэн асуултуудад хариулана. Судалгааны төсөл нь дараах бүтэцтэй. Үүнд: нүүр хуудас, товъёог, хураангуй, шинж байдал, үндэслэл (оршил, хэрэгцээ), зорилго, зорилтууд, судалгааны асуултууд, таамаглал, онолын болон зарчмын тогтолцоо, арга зүй, аргачлал, ажлын төлөвлөгөө, хуваарь, төсөв, судалгааны багийн бүтэц, ашигласан материал, хавсралт. Мэдээлэл цуглуулалт: Янз бүрийн эх үүсвэрээс олон аргаар мэдээлэл цуглуулдаг. Анхдагч - хувь, бүлэг хүмүүс болон судлаачийн санаа бодол, судлагдахуунаас шууд цуглуулсан мэдээлэл, ажиглалт зэрэг нь орно. Хоёрдогч - архивын материал, засгийн газрын шийдвэр, анхны эх үүсвэрт хийсэн дүн шинжилгээ, хувь, бүлэг хүмүүс болон судлаачдын бүтээл зэрэг нь орно. Мэдээлэл цуглуулах аргыг сонгохдоо ямар төрлийн тоо баримт хэрэгтэй байгаа, цаг хугацаа, нөөц хэр боломжтой эсэхийг анхаарах хэрэгтэй ба мэдээлэл цуглуулах арга бүр өөрийн давуу, сул талтай. Сул талуудаа нөхөж өөр хоорондоо зохицож хэрэглэгддэг. Зарим үед хослуулан хэрэглэж болно. Олон арга хэрэглэх нь өөр аргаар цуглуулсан тоо баримтыг харьцуулж, тайлбарлах, батлах, нотлох боломж олгодог. Мэдээлэл цуглуулах дараах аргууд байдаг. Үүнд: ажиглалт, туршилт, зураглал, бүртгэл судалгаа, асуулга, ярилцлага (зорилтот бүлгүүдийн, гүнзгийрүүлсэн), баримт бичиг судлал, кейс судлал. Баримтыг задлан шинжлэх тухай: Судалгаагаар цуглуулагдсан тоо мэдээллийг ангилах, бүлэглэх, дэс дугаарлах, зохион байгуулах, нэгтгэх үйл явц. Өөрөөр хэлбэл, өгөгдсөн тоо мэдээллийг тайлбарлах, нэгтгэхэд хялбар хэлбэрт шилжүүлж, судалгааны гол асуудлыг судлах, шалгахад бэлэн болгох, судалгааны асуудлын хүрээнд тоо мэдээллийг хэсэг бүлэгт хуваах, ангилах, дэс дугаарлах, нэгтгэнэ гэсэн үг. Тоон арга - хувьсагчдын тоон утгын өөрчлөлт, хувьсал, харьцаа, харилцан нөлөө зэрэгт үндэслэн судалгааны баримт, үр дүнгийн талаар дүн шинжилгээ хийх арга. Математик статистик аргыг ашигладаг. Чанарын арга - санал бодол, мэтгэлцээн, зөрчил, логик дүгнэлт, хэлэлцүүлгийн үндсэн дээр судалгааны баримт, үр дүнгийн талаарх дүн шинжилгээ хийх арга. Өөрийн туршлага, нийгмийн талаарх ойлголт, үзэл бодол, итгэл үнэмшлээ бусдын санал бодолтой хослуулан шинжлэх ухаан талаас бодит байдлыг шалгасны үндсэн дээр дүгнэлт тайлбар хийдэг. Үр дүнг унших, тайлбарлах: Аливаа судалгааны ажлы