Ойн бүртгэл тооллогын шинэлэг аргуудыг эзэмшүүлэх, байнгын судалгааны дээж талбай байгуулан хэмжилт судалгаа хийх, цуглуулсан мэдээллийг боловсруулах, ойн мэдээллийн санг байгуулах замаар улсын болон нөхөрлөлийн эзэмшлийн ойн санд ойн менежментийн төлөвлөлтийг оновчтой хийх чадавхийг эзэмшүүлнэ. Мөн ойн сангийн тогтвортой байдлыг хангах, зохион байгуулалт хийж буй ойн сангийн төлөвлөлтийг эдийн засаг, нийгэм, байгаль цаг уурын нөхцөлийн судалгаанд үндэслэн тэнд байгуулах аж ахуй хэлбэрийг оновчтой тогтоох, ойн болцын үндсэн хэлбэрүүд, түүний насыг тогтоох арга, огтлох нас, арга, огтлолтын эргэлт зэргийг оюутан нарийвчлан үзсэний үндсэн дээр тухайн зохион байгуулагдаж буй нутагт ойн аж ахуйг хөгжүүлэх үндсэн чиглэлийг гаргасан төсөл боловсруулж сургах зорилготой. Түүнчлэн оюутанд Монгол орны ой зохион байгуулалтын практикт өнгөрсөн хугацаанд хэрэглэж ирсэн болон цаашид нэвтрүүлэхээр төлөвлөж буй ойн бүртгэл тооллогын аргазүй, дүрэм журам, тавигдаж буй эрэлт шаардлагыг танилцуулан, ойн бүртгэл тооллого, ой зохион байгуулалтын олон улсын дэвшилтэт хандлагын талаар мэдээлэл өгөх зорилготой.