Палеонтологийн шинжлэх ухаан нь дэлхий дээрхи амьдрал, биосфер түүн дотор эртний амьдрал, орчны шинж чанар тэдгээрийн харилцан холбоог мөн дэлхий дээр амьдарч байсан эртний амьтан ургамлыг судална. Эртний малтмал үлдвэрүүдийн судалгаагаар малтмал амьтдын функциональ морфологийг нарийвчлан судалж тэдгээрийн амьдралын хэв маягийг тодорхойлон, цаг хугацааны хувьд хэрхэн өөрчлөгдөн хувьсаж ирсэн тухай ойлголт авах боломжтой болно. Дэлхий дээр олдож судлагдсан асар олон тооны микро болон макро организмууд тэдгээрийг хадгалж ирсэн чулуулгууд нь тухайн хурдас чулуулгийн тухай мэдээллийг өгөх боломжтой байдаг. Малтмалууд нь цаг хугацааны хувьд агуулагч чулуулгууд нь ямар дарааллаар хуримтлагдсан тухай, давхрагазүйн ямар дараалалтай хуримтлагдсан тухай давхрагазүйн чухал танигч баримт материалууд болно.