1. ДЭЛХИЙН ТҮҮХ: ӨРНӨДИЙН ИРГЭНШЛИЙН ТҮҮХ: Энэ курс хичээл нь Өрнөдийн иргэншлийн түүхэн цаг хугацааны дөрвөн үеийг шат дараалан үзэж судлахаар зохион байгуулагдана: Сонгодог үе (Грек, Ром), Дундад зууны үе, Шинэ үе, Орчин үе. Эдгээр дөрвөн үе тус бүрийн хөгжлийн түүхэн гол үйл явдлууд, асуудлуудын хоорондын харилцан холбоог ойлгон ухаарах, эх сурвалжуудыг задлан шинжлэх, шүүмжлэх замаар түүний бүс нутаг, тив, дэлхийн түүхэнд үзүүлсэн улс төр, нийгэм, соёл, эдийн засгийн нөлөө, хөгжлийн ерөнхий үйл явцын өөрчлөлт, үргэлжлэлийн тухай системтэй мэдлэг олгох, Өрнөдийн иргэншлийн түүхээр дамжуулан өнгөрсөн, эдүгээ хоёрын харилцаа холбоог түүхийн шинжлэх ухааны ухагдахуун, нэр томъёо, хэллэгээр илэрхийлэх, тайлбарлах чадвар эзэмшүүлнэ. 2. ДЭЛХИЙН ТҮҮХ: ОРОС, ЗҮҮН ЕВРОПЫН ТҮҮХ: Тус хичээлээр Орос болон Зүүн Европын: Беларусь, Боснии болон Герцеговины, Болгар, Хорват, Чех, Унгар, Косово, Македон, Молдов, Черногория, Польш, Румын, Серб, Словак, Словен, Украин гэх орнуудын түүхийн асуудлуудыг авч үзнэ. Зүүн Европын олон үндэстнүүдийн гарал үүсэл, төрт улсууд бүрэлдэн тогтосон болон эл нутагт тогтносон эзэнт гүрнүүдийн тухай болон тэдгээр хэрхэн задран унасан асуудлыг нээн харуулна. Тус бүс нутгийн түүхэнд тохиосон нэгэн онцлог зүйл бол эдгээр орнууд нь нэгэн үе социализмын замаар замнасан улсууд юм. Тиймээс хүн төрлөхтний хөгжлийн нэгэн салаа зам байсан социалист нийгмийн түүх болон түүний задрал, шилжилтийн үеийн тулгамдсан асуудлууд уг хичээлийн хөтөлбөрт зохих байр суурийг эзэлнэ. Оросын түүхийн асуудал уг хичээлд зохих байр суурийг эзэлнэ. Учир нь бид хойд хөршийнхөө түүхэн замналыг сайн мэдэх ёстой бөгөөд үеийн үед Оросын зүгээс Монголын талаар баримталж ирсэн бодлогын мөн чанар болон онцлог зүйлийг тус хөтөлбөрийн хүрээнд суралцагсадад таниулах явдал хичээлийн агуулгад багтана. Сургалтын кинонууд ашиглана. Хүн төрөлхтний хөгжлийн нийтлэг үнэт зүйлс, нийгэм-хүмүүнлэгийн ухааны тулгуур ойлголтууд болох Европын ард түмнүүдийн түүхэн нийтлэг хийгээд тус бүс нутгийн орчин үеийн интеграцын үйл ажиллагааны хэтийн төлөвийн талаарх төсөөллийг шинжлэх ухаанчаар төлөвшүүлж өгнө. 3. ДЭЛХИЙН ТҮҮХ: ЗҮҮН АЗИЙН ТҮҮХ: Тус хичээл нь эрт үеэс эдүгээ хүртэлх Хятад, Солонгос, Японы түүх, соёлыг он цагийн дараалалын дагуу танилцуулна. Үүнд, Зүүн Азийн хэмээх соёл иргэншил бүрэлдсэн үйл явц, энэхүү бүс нутгийн соёлын нийтлэг тал болох ханз үсэг, Күнзийн суртал, түшмэлийн тогтолцоо хэрхэн тархсан, бүс нутагт байгуулагдсан төр улсуудын улс төр, эдийн засгийн харилцаа холбоо, хил хязгаар, нийгмийн байгуулал, шашин суртахуун, Монголын эзэнт гүрэн, Манж Чин улс зэрэг эзэнт гүрний өв, ХХ зуун дахь колоничлол, үндэсний үзэл, орчин үеийн эдийн засгийн хөгжил болоод глобол ертөнц дэх Зүүн Азийн бүс нутгийн эзлэх байр суурь, ирээдүйн хандлагыг авч үзнэ. Хичээлийн үндсэн гарын авлага болох East Asia: A Cultural, Social, Political History. Patricia Buckley Ebrey, Anne Walthall, and James B. Palais (ed). 2006, New York номыг багш урьдчилан цахим хуудсаар дамжуулан тараана. 4. ДЭЛХИЙН ТҮҮХ: ОЙРХИ БОЛОН ДУНДАД ДОРНОДЫН СОЁЛ ИРГЭНШИЛ: Лекц бүр түүхэн он цагийн үечлэл бүрийг бүс нутгийн эртний түүхээс эхлэн Доголон Төмөр хааны үеийг дамнуулан орчин үе хүртэл авч үзнэ. Эртний болон дундад зууны соёл иргэншлийн төвүүд тухайлбал Индус голын соёл иргэншил, Мессопотами, Перс хийгээд Грек-Ромын соёл иргэншил, цаашлаад Бактри, Согдын соёл иргэншилтэй Монголчуудын түүх хэрхэн холбогдохыг танилцуулах болно.