Дундад зууны монголын утга зохиолын өвийг судлахад чухал үндэс суурь болох судар номын хэл нь үгсийн сан, хэл найруулга, нэр томъёо, их бага таван ухааныг хамарсан зэргээрээ монгол бичгийн хэлнээс ялгарах бие даасан нэгэн үеийг төлөөлөх онцлогтой. Зөв бичих зүйн хувьд бүрэн төлөвшиж, хэлбэр судлалын хувьд хуучирсан зүйлийг авах гээхийн ёсоор зөв шийдэж чадсан учир судар номын хэлийг сонгодог бичгийн хэл ч гэж нэрлэх ёс бий. Монголын шашин соёл, эрдэм ухааны олон салбарын ном судрыг багтаасан монгол Ганжуур, Данжуур бол судар номын хэлийг судлах үнэтэй чухал хэрэглэгдэхүүн юм. Энэ хөтөлбөр шашин номын хэл төдийгүй дундад зууны монголын түүх бичлэгийн хэл найруулга, бусад утга зохиолын хэл найруулгад ч ул мөрөө үлдээсэн судрын хэлний зөв бичих зүй, хэлний зүй, үгсийн сан, өгүүлбэр зүй, найруулга зүйн судалгааг хамарна.