Уг судлагдахууны хүрээнд эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, дадал нь дараах бүлэг сэдвүүдийн хүрээгээр тодорхойлогдоно. Үүнд: Удиртгал хичээлээр хичээлийн зорилго, агуулгын тухай болон хичээлийн үнэлгээний талаар оюутнуудад тодорхой танилцуулж тайлбарлана. Үндсэн хууль нь төр ёсны хөгжилтэй салшгүй холбоотой тул түүний онолын үндсийг улс төр, засаг, засаглал, төрийн тухай сэтгэгчдийн бүтээлүүдээр жишээлэн авч үзнэ. Үндсэн хуулийн зарчим, мөн чанар сэдвээр үндсэн хуулийн талаар судлаач, эрдэмтдийн өгсөн тодорхойлолтыг авч үзэж тэдгээрийг харьцуулан дүгнэж хэлэлцэх юм. Мөн үндсэн хуулийн агуулга, мөн чанарыг нарийвчлан үзэхэд дөхөм болох бас нэг асуудал болох түүний бүтцийн талаар авч үзнэ. Үндсэн хуульт ёсны мөн чанарыг бүрдүүлдэг төрийн бүрэн эрхт байдлын зарчим, тогтолцоо, үндэсний бахархал, төрийн бэлэг тэмдэг. ард түмэн бүрэн эрхт засаг төрийн эх сурвалж болох талаар үзнэ. Хүний эрх, эрх чөлөөний талаарх улс төрийн сэтгэлгээнд гарсан дэвшилтэт үзэл санаа, сэтгэгчдийн үзэл бодол, хүний жам ёсны эрх зэргийн талаар авч үзнэ. Үндсэн хууль дахь сонгуулийн системийн үзэл баримтлал сэдвээр ардчилсан сонгуулийн үндсэн зарчмын асуудлыг авч үзэн Монгол Улсын Үндсэн хууль дахь Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн асуудлын талаар болон иргэдийн сонгох, сонгогдох эрхийн асуудлыг ярилцана. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч төрийн институтуудын талаар дэлгэрэнгүй авч үзнэ. Төрийн болон орон нутгийн удирдлагын харилцаа, хамаарал сэдвээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зохион байгуулалт, удирдлагын талаарх Үндсэн хуулийн үзэл баримтлалыг авч үзнэ. Төгсгөлд нь, Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлэх механизм, Үндсэн хуулийн шүүхийн асуудлыг авч үзнэ.