Аюулгүй байдал судлал хэмээх энэхүү хичээлийн үндсэн агуулга аюулгүй байдал судлалын үндсэн гурван салбар болох аюулгүй байдлын тухай ойлголт, стратеги судлал, бүс нутаг судлал гэсэн үндсэн гурван хэсэгт хуваагдана. Аюулгүй байдалтай холбоотойгоор үндэсний ашиг сонирхол гэдэг ойлголт тавигддаг агаад үндэсний олон талт ашиг сонирхлоос зөвхөн язгуур ашиг сонирхол буюу оршин тогтнолын асуудлыг түлхүү судлана. Улс оронд янз бүрийн ашиг сонирхол байх бөгөөд түгээмэл бус зарим онол хүнсний чанар, хүний эрх, эрх чөлөөний асуудал зэрэг хөгжлийн асуудалд хамрах олон зүйлийг аюулгүй байдлын хүрээнд татан судлахыг санал болгодог. Гэвч сонгодог сургаалийн дагуу тэдгээр ашиг сонирхлоос аюулгүй байдалтай холбогдох нь зөвхөн оршин тогтнолын ашиг сонирхол байдаг. Олон улсын харилцааны онолын хүрээнд аюулгүй байдлыг хангах рациональ болон либераль сургаалийг товч дурдана. Хичээлийн дийлэнх хэсэг аюулгүй байдлыг хангах стратегийг түлхүү судлана. Гаднаас тулгарсан цэргийн аюулыг сэргийлэхийн тулд тэнцүүлэх (balancing), шарвах (bandwagoning), тогтоох (deterrence), илбэх (assurance), тохинуулах (reassurance) зэрэг стратеги, тэдгээрийн тухайн тохиолдол болох тэнхлэгийн тэнцүүлэлт (pivotal deterrence) зэргийг тухайлан үзнэ. Аюулгүй байдлыг цэрэг-улс төрийн бус харин улс төр-эдийн засгийн аргаар хангах чөлөөт худалдааны стратеги, олон улсын байгууллагаас аюулгүй байдлын орчинд үзүүлэх нөлөө зэргийг мөн тус тус судална. Бүс нутгийн аюулгүй байдлыг судлах явдал нь тухайн хичээлийн өөр нэг сэдэв болно. Тухайн улсын аюулгүй байдал оршин буй бүс нутгийнхаа онцлогоос шууд шалтгаалдаг: тиймээс бүс нутгийн үйл явцыг аюулгүй байдлын үүднээс үнэлэх зайлшгүй шаардлагатай байдаг. Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Төв ази, Зүүн хойд ази дахь үйл явцыг авч үзэн судлана. Стратеги судлал, бүс нутаг судлалын хүрээнд танилцсан мэдлэг дээр суурилан хичээлийн эцэст Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал, Монгол Улсын цэргийн бодлогын үндэс зэрэг баримт бичгийг шүүмжлэн үзнэ. Түүнчлэн өнөөдөр манай улсын барьж буй гадаад бодлого, цэргийн шинэчлэлийн асуудлуудыг нэр бүрчлэн хэлэлцэж, саналаа хуваалцана. Ингэснээр оюутнууд аюулгүй байдлын аль ч асуудлаар бие даан дүгнэлт хийх чадвартай болно.