Аливаа шашин онолоо даган дэг ёс, зан үйл нь илэрдэг учраас зарим шашны урсгалын онолыг түүний байгальд хандах хандалгатай нь холбонавч үзнэ. Ингэхдээ монголын уламжлалт зан үйл шашин шүтлэгийг голлох юм.Энэ үүднээс монголд буддын шашин төвдөөр дамжин дэлгэрсэн учраас төвдийн бонгийн ёс, монголын бөө мөргөл, буддын шашны байгальтай харьцах, тэдгээрийн зан үйл, үзэл баримтлалыг голлон үзнэ. Нөгөө талаар Монгол оронд ариун дагшин шүтлэгт газар орон төдийгүй овоо тахилга бүхий уулс толгод, өмнө зүгт үүдээ нээсэн гэр хэлбэрт сүм хийдүүд, тэдгээрт шавилан зохиол бүтээлээ туурвиж агсан мэргэдийн байгаль хамгаалалтай холбоо бүхий ном судар, сан тахилгатай танилцана.