Монгол орноо бурханы шашин түгэн дэлгэрсэн цагаас буддын мэдлэг ухааныг нэвтэрхий эзэмшсэн олон зуун мэргэд төрөн гарч, зохиол бүтээлээ туурвиж байсан нь монголын ард түмний мэдлэг, гүн ухаан, соёлын хөгжилд асар их хувь нэмэр, өв сан болгосон билээ. Монголын эрдэмтэн мэргэд их, бага арван ухаанд эн тэгш, нэвтэрхий мэргэжсэн болохоор тэдний бүтээл маш баялаг, гүн нарийн утга агуулгатай байдаг. Жишээлхэд тэжээхүй ухааны нэг бүтээл байхад тэнд гүн ухаан, нотлохуй ухаан, зохист аялгуу, тэргүүтэн бусад ухааны мэдлэг шингэсэн байдаг. Өөрөөр хэлвэл буддын сэтгэгчид тухайн ухааны чиглэлээр зохиол бүтээл туурвихдаа зөвхөн авч үзэж буй уг асуудлын тухай дагнан өгүүлээд зогсохгүй, бусад ухааны орнуудтай шүтэлцүүлэн уялдуулж, тал бүрээс нь маш өргөн цар хүрээтэй авч үздэг байжээ. Буддын мэдлэг ухааны зүйлс нь онол эшийн хувьд гүн ухаандаа тулгуурлаж, өөр өөрийн өвөрмөц хэв маягаар хөгжихдөө өөр хоорондоо нягт уялдаатай, бие биеэ нөхөн гүйцээдэг чанартай юм. Үүнийг монголчууд бүтээлчээр баяжуулан уламжлалт иргэний мэдлэг ухаантайгаа сүлэлдүүлэн, монгол гэсэн онцлог шинжтэй болгожээ. Бид энэхүү буддын мэдлэг ухаан хичээлээр их, бага арван ухааныг нэг бүрчлэн тойм үзэх юм. Буддизм нь шашныхаа хувьд бага хөлгөн, Их хөлгөн гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваагддаг хийгээд тэдгээрийн ялгаа, онцлогийн тухай, Гурван аймаг сав ном гэж юу болох тухай, Бурханы шашны мэдлэг, ухааны их цоморлиг болох "Ганжур", "Данжур" хэмээх их хөлгөн судар, номын тухай, буддын гүн ухааны хөгжлийн тойм зэргийг дотоод ухаанд үзнэ. Учир шалтгааны ухаан буюу буддын логикийн төлөвшил, хөгжлийн тухай, буддын логикийн үндсэн ойлголтууд, түүний агуулга, учир шалтгааны ухааныг судалж мэдвээс сэтгэхүйн аргад суралцаж зөв хийгээд бурууг ялган тогтоох чадвартай болдог тухай, энэтхэг, төвд, монголд учир шалтгааны ухааныг хөгжүүлсэн гол төлөөлөгчдийн зохиол бүтээлтэй танилцах хичээлийг тус тус үзнэ. Дуун ухааны хэсэгт ухааны орон бүгдийг таних суурь болсон дуун ухаан буюу хэл шинжлэхүй ухаан хийгээд түүний салбар ухаанууд болох эвсүүлэн найруулахуй, илт өгүүлэхүй, зохист аялгуун онолын мөн чанар, зачмуудын тухай, эдгээр ухааны орнуудад төвд, монголын мэргэдийн оруулсан хувь нэмэр зэргийг үзнэ. Тэжээхүй ухаанаар анагаах ухааны уламжлал, хөгжлийн тухай, бие хийгээд сэтгэхүйн өвчин үүсэх шалтгаан, түүнийг арилгах эм заслын тухай, тэжээхүй ухааныг энэтхэг, төвд, монголд хөгжүүлсэн мэргэд, тэдгээрийн бүтээлийн тоймтой танилцана. Урлахуй ухаанаар бие, хэл, сэтгэлээр урлаж болох урлахуй ухааны хөгжлийн тойм, түүний зурхайн ухаанаар гариг эрхэсийн орчлыг тооцоолох үндсэн дээр сав шим хэмнэлийг зохицуулдаг ухаан болох тухай, түүний үүсэл хөгжил, энэтхэг, төвд, монгол мэргэдийн оруулсан хувь нэмрийг үзнэ.