Турк хэл нь монгол хэлний нэгэн адил Алтай язгуурын хэлэнд хамаарах залгамал бүтэцтэй хэл юм. Суралцагч нь гэр бүл найз нөхдийнхөө тухай энгийн яриа, харилцан яриа болон бусдын яриаг ойлгох, өөрийн тухайн танилцуулах чадварыг эзэмших нь Турк хэлний ярих сонсох дадал (Анхан 1) хичээлийн үндсэн агуулга болно. Тухайлбал: мэндлэх, танилцах, танилцуулах, хоолны газар, хүнсний болон хувцасны дэлгүүрээр үйлчлүүлэх, хичээл сургууль дээр яриа өрнүүлэх, ямар нэгэн зүйлийг юу болох талаар асуулт тавих, нэрлэх, орон зай, зүг чигийг тодорхойлон хэлэх, цаг тохирох, болзох, уучлал гуйх, эрүүл мэндийн заавар зөвлөгөө өгөх ярианы чадвар эзэмшиж, энэ тухай өгүүлэмжийг сонсоод ойлгох, эргэн хариу өгөх сонсож ойлгох чадвар эзэмшинэ. Ажил мэргэжил, орон гэр, сууц, өдөр тутмын ажил үйл, өдрийн тэмдэглэл, аяллын хөтөлбөр, амралт, болсон явдал, осол эндэл, хоолны зуршил, хувцас загвар, цаг агаар, эрүүл мэнд, биеийн тамир гэх мэт сэдвээр сонсож ойлгох, ярианд оролцох, учир холбогдолтой ярихад сурна. Түүнчлэн Турк улс, түүний түүхэн дурсгалт газрын тухай мэдлэгтэй болж, тэдгээрийн тухай ярилцана.